Please subscribe if you want to our newsletter

Mongolian National Food and Beverage

2018-04-26 13:33:57


"Монгол Шуудан" ХК-ийн 1033 дахь "Монгол Үндэсний Идээ, Ундаа" сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн худалдаа 2018 оны 4-р сарын 22-нд боллоо. 

Монголчууд нүүдэлч удмынхаа аж байдалд тохируулан чанар чансаа өег, амт үнэр төгс тансаг баян идээ ундаа бэлтгэн айлчин гийчдээ дайлж, цайлж эдүгээ хүртэл уламжилсаар ирсэн билээ. Идээ ундааг хэрэглэхдээ хүний бие махбодын, цаг агаарын, насны онцлог, хэмжээ чанар, өнгө зэрэг олон зүйлийг харгалзан үздэг. Монголчуудын уламжлалт хоол ундны тогтолцоог судлаачид доорх хэдэн төрөлд ангилан үздэг байна. Үүнд:

Улаан идээ - Өвөл хүйтэрч, газар, ус царцан хөлдөж, усны нүх сүв хаагдахын хамт хүний биеийн шар усны нүх сув битүүрч хаагдах бөгөөд бие махбодын бодисын солилцоо өөрчлөгддөг тул улаан идээг өвөл түлхүү хэрэглэдэг.

Цагаан идээ - Нар хур тэгширч хүний бие махбод чийрэг, тамир тэнхээтэй болох тул  хоолны шингээлт муудаж илчлэг багатай хөнгөн идээ ундаа болох цагаан идээг зуны цагт өргөн хэрэглэдэг.

Шар идээ - Цас мөс хайлж, газар гэсч, цэцэг ногоо дэлгэрч байвч өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын тэргүүн сарын бүлээн уур амьсгал харшилдаж, цаг агаар хэдэнтээ хувьсан өөрчлөгдөж хүн, амьтан байтугай ус хүртэл эцдэг хаврын энэ улиралд хамгийн зохистой идээ бол шар идээ юм.

Ногоон идээ - Намрын улиралд хур бороо татран хуурайшиж, нар буцаж сэрүүн үүссэнээс дотоод дулаан сэргэж, бодисын солилцоо түргэсэж идэвхждэг. Энэ үед амтлаг, гашуун, исгэлэн хоол ундаа, ногоон идээг үндсэн идээ болговол сайн юм.

Монгол үндэсний идээ ундаа сэдэвт дөрвөн нэрийн маркийн улаан идээнд хонины ууц, хорхог, битүү шөл, цагаан идээнд тавгийн ааруул, хорхой ааруул, айраг, өрөм, тараг, шар идээнд тавагтай боорцог, шар тос, бяслаг, ээзгий, ногоон идээнд манай оронд элбэг ургадаг тошлой, үхрийн нүд, аньс, нэрс, чацаргана зэрэг жимс жимсгэнийг мөн идээ ундаа бүхэнд зохицсон, уран нарийн хийцтэй хэт хутга, мөнгөн аяга, зэс домбо, гүц, модон тагш, хул, ширэн хөхүүр, тэргүүтнийг хамтатган дүрслэн харуулав.

Маркийн гэрэл зурагчнаар Д.Түвшинбаяр, дизайнераар Ж.Ганхуяг маркийн АӨД-ны зураачаар Ч.Бат-Эрдэнэ нар ажилласан. Мөн “Номадсын Сүлжээ Ресторануудын Номадс Хоспиталити” ХХК-ийн хамт олонд мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласанд талархал илэрхийлье.