Please subscribe if you want to our newsletter

Mongolian Scripts

2018-06-21 17:37:54


2018 оны 6-р сарын 21-нд "Монгол Шуудан"ХК-ийн 1036 дахь "Монголчуудын Бичиг Үсэг" сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн худалдаа боллоо.

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлэн өөрийн санаагаа үг хэлээр илэрхийлэхийн зэрэгцээ бичгээр илэрхийлэх шаардлагын улмаас үсэг бичиг үүссэн байна. Монголчууд 13-р зуунаас өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа Монгол бичиг, Дөрвөлжин үсэг, Энэтхэг, Монгол, Төвд орны хэлийг тэмдэглэж чадахуйцаар зохиогдсон Тод үсэг, Монгол, Самгард, Төвд хэлний үгийг тэмдэглэх Соёмбо үсэг зэрэг олон бичиг үсгийг зохион хэрэглэж ирсэн байна.

  • Монголчуудын хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичгийн дотроос хамгийн удаан хэрэглэж буй бичиг нь Монгол бичиг билээ. Чингис хааны зарлигаар 1205 онд бичгийн сайд Тататунгаа Монгол бичгийг улам сайжруулан хэрэглэсэн гэж түүх, сурвалжид өгүүлсэн байдаг. Монгол хэлний тухай хуулийн 4.1.3. “Үндэсний бичиг” гэж уламжлалт монгол бичгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр томьёолон тодорхойлсон.
  • Хубилай сэцэн хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно. Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил их Юань гүрнийг мөхтөл идэвхтэй хэрэглэж байжээ.
  • Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) 1648 онд зохиосон бичиг юм. Мөн бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодотголтой. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.
  • Өндөр гэгээн Занабазар 1686 онд Соёмбо үсэг зохиожээ. Соёмбо гэдэг нь самгард хэлний  “Өөрөө гарсан” гэсэн утгатай үг юм. Соёмбо бичиг нь Монгол, Самгард, Төвд хэлний үгийг тэмдэглэх 80 орчим үсэгтэй.

Марканд Их хаадын элч этгээдийн эрх мэдэл, сүр хүч, давуу байдлын илэрхийлэл, заавал биелүүлэхийг үүрэг болгосон хэм хэмжээний цогцыг илтгэх гэрэгний суурь дээр Монгол бичиг, Дөрвөлжин үсэг, Тод үсэг, Соёмбо үсгээр “Гэрэгэ” гэж бичсэн билээ. Чингэхдээ хошоод урталжин, хошоод дугуй гэрэгний хэлбэрийн уламжлал гэрэгний дэвсгэр дээр дөрвөн зүйл бичиг үсгээр урлав. Энэ нь монгол маркийн түүхнээ бүтэн жарны өмнө Монголч эрдэмтдийн олон улсын анхдугаар их хуралд зориулж гаргасан “Монгол” гэсэн үгтэй цуврал марктай амин холбоотой юм. Маркийн бичвэрийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар хийж, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Батдорж, Түүхийн хүрээлэнгийн профессор А.Пунсаг нар мэргэжлийн зөвлөгөө өгч, маркийн дизайнераар Ж.Ганхуяг ажиллаа.